• Oноор
  • Үсгээр
 Оноо сонгоно уу
 Үсэг сонгоно уу
Нийтлэл, ярилцлага
Хэвлэх хувилбар  Bookmark хийх 
 Бусад
Бид шударга шүүхээр хэргээ шийдүүлж чадаж байна уу
Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн
Эрсдэл агуулсан Эрүүгийн хууль
Бид хэзээ мэдэх эрхээ эдлэх вэ?
 
 Хамгийн их уншсан
Төрийн албаны шалгалт
2009 оны Төрийн албаны шалгалтын удирдамж
Төрийн албаны шалгалттай холбоотой нийтлэг асуулт хариултууд
2010 ОНЫ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Эрсдэл агуулсан Эрүүгийн хууль
Авилгалын эсрэг хууль хийгээд ашиг сонирхлын зөрчил

Авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэх зорилгоор авилгалын эсрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Энэхүү хуулийн төслөөс үззэхэд авилгалтай тэмцэх байгууллагын эрхзүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг түлхүү зохицуулжээ. Түүнчлэн авилгалтай тэмцэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхойлсон авч урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохицуулалт нь учир дутагдалтай болжээ.

Авилгалаас урьдчилан сэргийлэх нэг гол нөхцөл нь сонирхлын зөрчлийг хуулиар сайн тодорхойлж зохицуулах явдал юм. Хуулийн төсөлд сонирхлын зөрчлийн талаарх тодорхойлолт байхгүйн зэрэгцээ төслийн долдугаар зүйлд авилгалаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой албан тушаалтнуудын тодорхой үйлдэл хийхийг хориглохоор заасан нь хангалтгүй юм.

Сонирхлын зөрчлийн асуудал нь Монгол Улсад харьцангуй шинэ ойлголт хэдий ч нэлээн газар авч байна. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-аас 2005 онд Монгол Улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээний тайлангаар «Бараг бүх шатанд ашиг сонирхлын зөрчилдөөн тодорхой салбар болон системийг бүхэлд нь хамарсан шинжтэй болсноор улсын ба хувийн хэвшлийн хоорондох зааг хязгаар нэлээд бүдгэрсэн” гэж тэмдэглэжээ. Түүнчлэн бодлогын судлаач С.Баяраа “Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглахын эсрэг авах арга хэмжээ” бодлогын судалгаандаа nepotism, cronyism буюу төрийн албанд танил тал, хамаатан садандаа давуу тал олгодог байдал төв болон орон нутагт түгээмэл байгааг жишээ, баримтаар дурдсан байна.

Монгол Улсын нэгдэн орсон Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 7-р зүйлийн 4 дэх хэсэгт “Оролцогч бүр дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн ил тод байдлыг дэмжих бөгөөд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг чармайна” гэж заасан. Мөн “Төрийн албан тушаалтан нь төрийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх чиг үүрэгтэй нь холбогдуулан сонирхлын зөрчил үүсгэж болох албан үүргээс гадуурх үйл ажиллагаа, ажил хөрөнгө оруулалт, хөрөнгө, том хэмжээний бэлэг буюу ашиг орлогын талаар эрх бүхий холбогдох байгууллагад мэдүүлж байх арга хэмжээ, тогтолцоог зохих тохиолдолд дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн тогтоохыг оролцогч улс бүр чармайна” гэжээ. Иймээс “Авилгалын эсрэг” хууль нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулах эрхзүйн гол зохицуулалт болох юм.

Сонирхлын зөрчлийг сайн тодорхойлж зохицуулснаар авилгалаас урьдчилан сэргийлэх нөхцөл болдогийг бусад улсын туршлага харуулж байна . Ихэнх орнууд сонирхлын зөрчлийн асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд зарим орнууд авилгалын эсрэг хуулиндаа тусгай бүлэг болгон оруулсан байдаг. Жишээлбэл, манай улстай адил шилжилтийн улс орон болох Латви болон Литва нь сонирхлын зөрчлийн тухай тусгай хуультай. Түүнчлэн Естони улс нь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хоёр бүлэг дүрмийг Авилгалтай тэмцэх тухай хуулинд тусгасан байдаг.

Дээрх Балтикийн улсууд нь авилгалын төвшин болон авилгалтай тэмцэж буй бодлогоороо бусад шилжилтийн улс орноос тэргүүлдэг. Эстони нь олон улсын Транспаренси Интернэншл байгууллагын 2005 оны индексээр 27-д буюу өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн, шилжилтийн орнуудаас хамгийн эхэнд орсон байна. Естони улс нь сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, үүссэн зөрчлийг шийдвэрлэх үүднээс төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлт болон бусад үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг Авилгалтай тэмцэх тухай хуулиндаа маш тодорхой заажээ . Үүнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц өөр бусад ажил эрхлэх, компани болон бусал байгууллагын ТУЗ-ын гишүүн эсвэл удирдлагад байх, ойрын хамаатан, садан төрөл байх нөхцөлд төрийн алба хашихыг хориглодог байна. Түүнчлэн, хувиараа бизнес эрхлэх (ажилладаг байгуулагынхаа нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах), дээрхийн адил буюу сонирхлын зөрчилд холбогдох гэрээ хэлцэл байгуулах эсвэл удирдлаган доорх хүмүүсээрээ гүйцэтгүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хамаатан садан, холбоо харилцаатай хуулийн этгээдийнх нь эдийн засгийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах буюу шийдвэр гаргахад оролцохыг хориглодог байна. Эдгээрийг зөрчвөл 50-100 өдрийн цалинтай тэнцэхүйц торгууль төлүүлэх буюу нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Литва улс нь ашиг сонирхлын зөрчилдөөнийг “Төрийн албан дахь улсын ба хувийн ашиг сонирхлыг зохицуулах” 1997 оны хуулиар зохицуулдаг байна. Уг хуулиар Естони улсын нэгэн адил ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж болзошгүй шийдвэрт албан хаагчид оролцох, нөлөөлөх, хамаатан, холбоо бүхий бусад аливаа этгээдээс аливаа орлого авсан, эсхүл ойрын хамаатан буюу холбоо бүхий бусад аливаа этгээд зөвшөөрөл бүхий хөрөнгө буюу хувьцааны арваас дээш хувийг нь эзэмшдэг нөхцөлд ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх тул хоригложээ.

Түүнчлэн албан тушаалтан бусдад шууд буюу шууд бусаар нөлөөлөх зорилгоор өөрийн эрх мэдлээ ашиглах, албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээлээ ашиглах буюу ашиглахыг зөвшөөрөхийг хориглосон. 29,3 Евро-оос дээш үнэ бүхий бэлэг буюу нэг жилд нэг эх сурвалжаас гаралтай 147 Евро-оос их үнэ бүхий бэлгийг нэг сарын дотор мэдээлэх ба тухайн албан хаагчийн хувийн ашиг сонирхолын мэдэгдэлд хавсаргах ёстой байна.

Мөн төрийн албанаас гарсны дараа нэг жилийн хугацаанд тус алба хянан шалгах буюу хяналтын үүрэг функцийн хувьд холбоотой байсан компанид ажиллах, ойрын хамаатан буюу гэр бүлийн гишүүд арваас дээш хувийг эзэмшдэг буюу удирдлагад, эсхүл аудитын байгуулагад ажилладаг бол тус байгууллагатай харилцаа холбоо үүсгэх буюу хувийн шан харамж авахыг хориглосон. Албан хаагчид ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж болзошгүй ажлын талаар саналыг удирдлагадаа мэдэгдэх ёстой ба уг саналыг хүлээн авсан тухайгаа нэн даруй бичгээр мэдэгдэхийг заажээ.

Иймээс хэлэлцэгдэж буй авилгалын эсрэг хуулийн төсөлд сонирхлын зөрчлийг зохицуулсан тодорхой зохицуулалтыг оруулахыг санал болгож байна. Үүнд дараах зүйлийг төрийн албан хаагчдад хориглох нь зүйтэй:

• Төрийн албан хаагч нь ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж болзошгүй шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх. Ийм тохиодолд ашиг сонирхлын зөрчилдөөн бүхий уг нөхцөл байдлын талаар удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, шийдвэрт оролцохгүй байна.

• Шийдвэр гаргахад эрх мэдэл, ажил албан тушаалаа ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх,

• Төрийн албан хаагч нь ажил үүрэгт нь нөлөөлөхүйц болон хяналт тавих үүрэгт нь багтдаг өөр бусад ажил албан тушаал эрхлэх, хавсрах;

• Аливаа компанийн ТУЗ-ын гишүүн болон бусад хуулийн этгээдийн удирдах байгууллагын гишүүн байх;

• Шууд удирдлага буюу хяналт тавьдаг албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, садан төрөл байх;

• Төрийн албанаас гарснаас хойш тодорхой хугацаанд хяналтын үүрэг функцийн хувьд холбоотой байсан байгууллагад ажиллах,

• Албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээлээ ашиглах буюу ашиглахыг зөвшөөрөх.


Авилгалаас урьдчилан сэргийлэх өөр нэгэн чухал нөхцөл нь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн сайн зохицуулалт юм. Иймээс бодитой, хэрэгжихүйц заалтыг энэ хуулийн төсөлд оруулах нь нэн ач холбогдолтой. Одоо үйлчилж буй Авилгалын эсрэг хуулинд ийм заалт байдаг боловч хэрэгжилт болон хяналт нь төдийлэн хангалтгүй байдаг.

Хуулийн төсөлд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг Улсын Их Хурал батална гэж заажээ. Улс орнууд албан тушаалтны жагсаалтыг авилгалын хуулиндаа заасан байдаг ба хөрөнгө орлогын мэдүүлгийн загварыг хуулиндаа оруулсан байдаг байна. Төрийн албан хаагчдын жагсаалтанд зөвхөн төрийн өндөр албан тушаалтанаас гадна, төрийн оролцоотой аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын захирал хүртэл хамаарагдах нь зүйтэй юм.

Хуулийн төсөлд хөрөнгө, орлогын мэдүүлгийг хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахаар заасан байна. Түүнчлэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөвхөн нийт хөрөнгийн хэмжээ, орлогын мөнгөн дүнгийн хэмжээг олон нийтэд нээлттэй байхаар заажээ.

Ихэнх орнууд мэдүүлгийг нийтэд ил тод зарлан төрийн хэвлэл мэдээлэл болон веб хуудасдаа тавьдаг байна. Жишээ нь Хорват болон Канад нь хууль тогтоомжоороо олон нийтэд хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил тод зарладаг байна. Эстони улсын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авилгалтай тэмцэх хороонд хүргүүлэх бөгөөд тэдгээрийг State Gazette (Төрийн сонин)-д болон интернэтэд тавьдаг байна. Литва улсын Улсын болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар хөрөнгө, орлогын мэдүүлгийг Албан ёсны сэтгүүлд нийтэлнэ. Эдгээр албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ч бас нийтэд нээлттэй байдаг.

Иймээс мэдүүлгийн зөвхөн нийт хөрөнгийн хэмжээ, орлогын мөнгөн дүнгийн хэмжээг бус нийт мэдээллийг нийтэд ил тод зарлан төрийн хэвлэл мэдээлэл болон интернетэд тавих ба энэхүү үүргийг авилгалтай тэмцэх газар хүлээж байх нь зүйтэй юм. Ийнхүү хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд ил болгож зарласнаар олон нийт болон иргэний нийгмийн хөндлөнгийн хяналт тавих бололцоо бүрдэх бөгөөд улмаар авилгалтай тэмцэх газрын мэдүүлгийн үнэн зөвийг хянан шалгах чиг үүрэгт дээрх хөндлөнгийн хяналт нь хувь нэмэр болох юм. Хэрэв зөвхөн мэдүүлгийн нийт дүн байвал иргэний нийгэм болон олон нийт тэндээс тодорхой мэдээлэл авах, хөндлөнгийн хяналт тавих бололцоогүй болох юм.

Хуулийн төсөлд авилгалын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгалаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн талаар заасан боловч Зөвлөлийн статус, харьяалагдах институтын талаар тун бүрхэг байна. Түүнчлэн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно гэж заасан нь оновчгүй, харин нэр дэвшүүлэх, батлахдаа УИХ-аар батламжлах нь зүйтэй юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулиар тодорхой заан, бүрэлдэхүүнд иргэний нийгэм буюу ТББ-ын төлөөлөгчдийг оруулах нь ач холбогдолтой юм.

www.forum.mn


 Санал сэтгэгдэл (7)
chuluunchimeg
2008-09-29 00:00:00 | #1
er ni toriin alband tanil taliinha humuusiig ymar ch shalguur bolzolguigeer avj ajilluldag ni unen sh dee.iim niigemd zaluuchuud yaj amidarh yumbe

батхишиг
2009-04-16 12:35:27 | #2
авлига, хээл хахуулийг хэдэн төгрөгнөөс эхэлдэгийг хэлээд өгөөч 250000 төгрөгийн цалинтай бол хэдэн төгрөг авсан бол/ түүнтэй тэнцэх эд зүйлс авсан/ бол хахууль гэж үзэх вэ? эсвэл цөалингын доод хэмжээнээс эхэлдэг юмуу? хариуг нь / бас юунаас харж болохыг нь явуулаад өгөөрэй/ batka_8710@yahoo.com

Нараа
2010-01-14 03:15:21 | #3
Авилгалтай тэмцэх хуулийн талаар тодорхой бичээч

Батхишигт
2010-09-22 11:48:55 | #4
Сарын цалингийн 80%-тай тэнцэх хэмжээний мөнгөн орлогыг Америкт авилгал гэдэг юм билээ. Бэлэн бол 499 доллараас хэтрэхгүй байх.

чанцалдулам
2011-12-26 13:56:57 | #5
авилгал байхгүй байлгүй дээ зүгээр итэг

Билгүүн
2013-04-10 12:54:32 | #6
хамаатан садангаас гадна нам харгалзаж албан тушаалд томилдог нь мөн л хувийн болоод намын ашиг сонирхлын төлөө юм шүү дээ

sun
2013-12-22 10:18:58 | #7
Төрийн албанд найз нөхөд, танил тал, хамаатан садангаа оруулдаг, авдаг байдал цагаандаа гарсан. Нэг жишээ дурдвал, төрийн үйлчилгээний жижиг байгууллагын захиргаа дур мэдэн ажилтнуудаа сольж байна. 2010 оноос хойш 6 менежер, 5 нягтлан бодогч гээд бодоход бусад ажилтнууд бол тоймоо алдсан байна. Гэхдээ байгууллагын захиргааны зөвлөлийн гишүүдийн оролцоогүйгээр дур мэдэн авсан, сольсон байх юм.Ингэж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буй төрийн албан тушаалтан, жижиг хурган даргуудаар төрийн алба дүүрээд байна. Төрийн албыг төрлийн алба, хувийн өмч болгон хувиргаж буй холбогдох хүмүүст хариуцлага тооцдог, хянаж шалгадаг төр үгүйлэгдэж байна. Яамдууд авилгад өртөж байхаар ажлаа хийцгээгээчээ


 Шинэ санал сэтгэгдэл
 Таны нэр
 Санал
 Баталгаажуулалт
Бичихэд хүндрэлтэй үг байвал дээрх зураг дээрхи дүрсэн дээр дарж дахин өөр үг авна уу.