МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ
95 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, тэдгээрийг судалж бүртгэх

95.1. Ажил олгогч нь осолд өртсөн ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, ослын шалтгаан, хор уршгийг арилгах арга хэмжээг нэн даруй авна.

95.2. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу ослыг судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.

95.3. Үйлдвэрлэлийн ослын тухай комиссын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч батална.

95.4. Ажил олгогч энэ хуулийн 95.2, 95.3-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл осол гарсан шалтгаан нөхцөлийн тухай дүгнэлтийг ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллагад болон шүүхэд гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

95.5. Энэ хуулийн 95.4-т заасны дагуу гаргасан гомдлыг хянасан шийдвэрийг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.

95.6. Үйлдвэрлэлийн ослыг судалж бүртгэхтэй холбогдсон зардлыг осол гарсан аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

95.7. Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан тогтоосон журмын дагуу судалж, үйлдвэрлэлд гарсан осолтой адилтган үзэж бүртгэн, энэ зүйлд заасан болон бусад холбогдох арга хэмжээг авна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

95.8. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын тухай мэдээг тогтоосон журмын дагуу гаргаж мэдээлнэ.

95.9. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно.

95.10. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг Засгийн газар батална.
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Print