МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
НАСАНД ХҮРЭЭГҮЙ, ТАХИР ДУТУУ , ОДОЙ ХҮНИЙ БОЛОН АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР
111 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр

/Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
111.1. 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
111.2. Аж ахуйн нэгж, байгуулага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
111.3. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
111.4. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хууль, 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хууль, 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

111.5. Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
111.6. Аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12 сард ногдох төлбөрийг чөлөөлнө.

111.7.Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Дээрх 111.6, 111.7 дахь хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/


Print