МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
71 дүгээр зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагааны талаар Засаг даргын эдлэх эрх

71.1. Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ:

71.1.1. асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;

71.1.2. асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад, өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргах.

71.1.3. асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх;
71.1.4. хувийн хэрэгт асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаархи эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;

71.1.5. асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж, биелэлтийг нь шалгах;

71.1.6. асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;

71.1.7. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас асрамж, дэмжлэгт байгаа хүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах.

Print