МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
74 дүгээр зүйл. Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа

74.1. Хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг иргэн гэр бүлдээ авч, өөрийн зардлаар асран хүмүүжүүлж /цаашид "асран хүмүүжүүлэх" гэх/ болно.

74.2. Хүүхдийг асран хүмүүжүүлэхдээ нийгмийн халамжийн байгууллага болон асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний хооронд тодорхой хугацаагаар гэрээ байгуулна.

74.3. Хүүхэд асран хүмүүжүүлэх тухай гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, асран хүмүүжүүлэгчийн болон нийгмийн халамжийн байгууллагын эрх, үүрэг, асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулал, хууль тогтоомжийн дагуу олгогдох бусад хөнгөлөлт, гэрээ дуусгавар болох үндэслэл, үр дагаврыг заана.

74.4. Хүүхдийг асран хүмүүжүүлэхэд тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл буй болсон нь тогтоогдсон, эцэг, эхэд нь буцаан өгсөн, үрчлүүлсэн бол нийгмийн халамжийн байгууллагын шаардлагаар, хүндэтгэн үзэх бусад шалтгаан /өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн, харилцан үл ойлголцох, маргаантай байдал/ буй болсон бол асран хүмүүжүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.

74.5. Асран хүмүүжүүлэхээр шилжүүлэхдээ долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.

74.6. Асран хүмүүжүүлэхээр шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах, хууль тогтоомжийн дагуу орон сууцаар хангагдах эрх эдэлнэ.

74.7. Энэ хуулийн 74.З-т зааснаар асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулалд шаардагдах зардлыг Нийгмийн халамжийн тухай хууль1-д заасны дагуу нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.

74.8. Энэ хуулийн 66.2-т заасны дагуу нийгмийн халамжийн байгууллага асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар асран хүмүүжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавина.

Print