МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонирхлын зөрчилтэй хэлцэл
89 дүгээр зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх журам

89.1. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай хувьцаат компанийн шийдвэр, хараат болон охин компанид сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх, шаардах тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх сонирхолгүй төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ -ийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар гаргана.

89.2. Сүүлийн 3 жил дор дурдсан үйл ажиллагаа эрхлээгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хараат бус гишүүнд тооцно:

89.2.1. компанийн эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй, эсхүл уг этгээдийн эхнэр /нөхөр/, эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компани буюу түүний удирдах байгууллагад албан тушаал эрхэлдэггүй;

89.2.2. компанийн нэгдмэл сонирхолтой этгээд;
89.2.3.нэгдмэл сонирхолтой компанийн эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.

89.3. Сонирхлын зөрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрхийн зах зээлийн үнэ, үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.

89.4. Хувьцаат компанийн хувьд дараахь тохиолдолд сонирхлын зөрчилтэй хэлцэл /хоорондоо уялдаатай хэд хэдэн хэлцэл/ хийх, хараат болон охин компанид сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх буюу шаардах шийдвэрийг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцож байгаа сонирхлын зөрчилгүй хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор гаргана:
89.4.1. энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэлцлийн үнэ буюу эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрх, үйлчилгээний үнэ хөлс нь хэлцэл хийх тухай шийдвэр гаргах үеийн бүртгэлийн үнийн дүнгийн 2 хувиас их байх;

89.4.2. компанийн гаргах энгийн хувьцаа, энгийн хувьцаа худалдан авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хэмжээ нь компанийн буюу түүний хараат хувьцаат компанийн урьд гаргасан энгийн хувьцааны үнийн дүнгийн 2 хувиас их байх;

89.4.3. төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүд нь /хувьцаат компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн бүх хараат бус гишүүд/ хэлцэл хийх сонирхолтой этгээд байх тохиолдолд.

89.5. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай асуудлыг хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хэлцэл хийх сонирхолгүй гишүүдийн олонхийн саналаар; хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар гаргана.

89.6. Хэлцэл хийх сонирхол бүхий этгээд, эсхүл түүний эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд, ах, эгч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдээс зээл авах тухай сонирхлын зөрчилтэй хэлцлийг энэ хуулийн 89.4.-т заасны дагуу батлуулах шаардлагагүй.

Энэ хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу хэлцэл хийх сонирхол бүхий этгээдээр тооцохоос өмнө компанийн буюу түүний хараат компанийн өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагааны явцад байгуулагдсан сонирхлын зөрчилтэй хэлцлийг хувь нийлүүлэгчдийн дараагийн ээлжит хурал болох хүртэл энэ хуулийн 89.4.-т заасан журмын дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаар батлуулах шаардлагагүй.

89.7. Хувь нийлүүлэгчдийн хурал хийх өдөр компанийн буюу түүний хараат компанийн өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагааны явцад хийсэн хэлцлийг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох боломжгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал нь хийх хэлцлийн төрөл, хэлцэл хийх этгээд болон хэлцлийн үнийн дээд хэмжээг тусгаж бусад этгээдтэй хамтран компанийн буюу түүний хараат компанийн хэрэгжүүлэх аж ахуйн үйл ажиллагааг батлах шийдвэр гаргах бөгөөд энэ нөхцөлд энэ хуулийн 89.4.-т заасан шаардлагыг хангасанд тооцно.

89.8. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай энэ бүлэгт тогтоосон журмыг тодорхой төрлийн хэлцэл хийхэд баримтлах тухай энэ хууль буюу компанийн дүрэмд заасан журмын хамт нэгэн зэрэг баримтална.

Print