МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонирхлын зөрчилтэй хэлцэл
90 дугаар зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах журам зөрчсөний үр дагавар

90.1. Энэ хуулийн 86.1.-д заасан этгээд нь энэ хуулийн 88, 89 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсөний улмаас компани буюу түүний хараат компанид учруулсан хохирлын хэмжээгээр, эсхүл хэлцлийн үр дүнд авсан зүйлээс олсон ашгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Уг этгээдтэй байгуулсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

90.2. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 82, 87 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

90.3. Энэ хуулийн 86.1.-д заасан этгээд нь энэ хуулийн 88, 89 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсөн болон компанитай хэлцэл байгуулсан хуулийн этгээдийн бүх хувьцааг уг этгээд дангаараа эзэмшдэг нөхцөлд компани нь учирсан хохирлыг уг хуулийн этгээдээр нөхөн төлүүлэх буюу энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

90.4. Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч нь, эсхүл компани нь энэ хуулийн 86.1.-д заасан этгээд, эсхүл уг этгээдийн дангаараа бүх хувьцааг эзэмшдэг хуулийн этгээдийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

90.5. Энэ хуулийн 90.3.-т зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 89 дугаар зүйлд заасан журам зөрчсөн бөгөөд эдгээр зөрчлийн талаар энэ хэлцлийг байгуулсан этгээд мэдээгүй болон мэдэх боломжгүй байсан нөхцөлд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй.

Print