МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
91 дүгээр зүйл. Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналт

91.1. Дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг томилон ажиллуулж болно. Хувьцаат компанийн дүрэмд аудиторыг заавал ажиллуулахаар заана.

91.2. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг батална. Гэрээнд компанийн болон аудиторын эрх, үүрэг, хариуцлага, аудиторд төлөх хөлсний хэмжээг заана. Санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийх аудиторын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна. Компанийн жилийн санхүүгийн тайланг баталгаажуулахын тулд ээлжит шалгалт хийнэ. Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийн эзэмшигчдийн шаардлагаар хэдийд ч хийж болно. Аудиторын ээлжит шалгалтын хөлсийг компани хариуцан төлөх бөгөөд ээлжит бус шалгалтыг түүнийг захиалж гэрээг нь байгуулж хийлгэсэн хувь нийлүүлэгч хариуцаж төлнө. Шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтан компани болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан нь тогтоогдвол шалгалтын хөлсийг буруутай этгээд хариуцан төлнө.

91.3. Компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхүү-эдийн засгийн үйл ажиллагааны талаархи баримт бичгийг танилцуулах үүрэгтэй.

91.4. Аудитор нь хувь нийлүүлэгчдийн хуралд зөвхөн тайлбар өгөх үүрэгтэй оролцож болно.

91.5. Дараахь этгээдийг компанийн аудитороор сонгон ажиллуулахыг хориглоно:

91.5.1. компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн буюу нэгдмэл сонирхолтой компанийн хөлсний ажилтан, эрх бүхий албан тушаалтан бол;

91.5.2. компанийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн гаргасан үнэт цаас, эсхүл компанийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдэд холбогдох бусад эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх эзэмшдэг бол;

91.5.3. компанитай аудитиас бусад асуудлаар аливаа хэлцэл хийсэн этгээд бол.

91.6. Аудиторын гаргасан дүгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хөлсний хэмжээг тогтоохыг хориглоно.

91.7. Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт /баримт шалгалт/-ын дүнг үндэслэн компанийн аудитор нь дараахь мэдээллийг агуулсан дүгнэлт гаргана:

91.7.1. компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт үнэн зөв эсэх;
91.7.2. нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт зохих журмын дагуу хийгдсэн эсэх, зөрчил байвал уг зөрчлийг тохиодол тус бүрээр тодорхойлох;

91.7.3. шалгалтын хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчил бүхий хэлцлүүдийн жагсаалт, уг хэлцлийг энэ хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх тухай тодорхойлолт;

91.7.4. хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржээс тогтоосон бусад мэдээлллүүд;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


91.7.5. компанийн дүрэм болон аудитын гэрээгээр тодорхойлсон бусад мэдээллүүд.

Print