МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
95 дугаар зүйл. Компанийн бичиг баримтыг хадгалах

95.1. Компани нь дараахь бичиг баримтыг хадгалах үүрэгтэй:

95.1.1. компанийн дүрэм, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт, компанийг байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, компанийн бүртгэлийн гэрчилгээ;

95.1.2. хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх байгууллага болон хянан шалгах зөвлөлөөс баталсан компанийн дотоод бичиг баримт;

95.1.3. компанийн салбар болон төлөөлөгчийн газрын дүрэм;
95.1.4. нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

95.1.5. хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон хамтын удирдлагын гүйцэтгэх байгууллагын хурлын тэмдэглэл, компанийн гүйцэтгэх байгууллагын үүргийг ганцаарчлан гүйцэтгэж байгаа этгээдийн тушаал болон шийдвэрүүд;

95.1.6. хянан шалгах зөвлөлийн хурлын тэмдэглэл, хянан шалгах зөвлөл болон аудиторын дүгнэлт;

95.1.7. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
95.1.8. хувьцаа болон үнэт цаас гаргах журам;
95.1.9. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн бичиг баримт;
95.1.10. компанийн нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны төрөл, тоо;

95.1.11. энэ хууль болон компанийн дүрмээр тодорхойлогдсон компанийн бусад дотоод бичиг баримт.

95.2. Компани нь энэ хуулийн 95.1.-д заасан баримтыг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувь нийлүүлэгчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална.

95.3. Компани нь өөрийн дүрэм, түүний нэмэлт, өөрчлөлтийг байнга хадгална. Энэ хуулийн 95.1.-д заасан бусад бичиг баримтыг компани нь 5 жилийн хугацаагаар хадгалах бөгөөд энэ хугацаа дууссаны дараа эдгээр бичиг баримтыг архивт шилжүүлнэ.

95.4. Энэ хуулийн 95.1.-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын холбогдох албан тушаалтан / эрхлэн гүйцэтгэнэ.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг биечлэн хариуцаж бичиг баримтыг хөтлөх үүрэг хүлээнэ.

Print