МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
96 дугаар зүйл. Компанийн талаар мэдээлэл авах

96.1. Хувьцаат компани нь өөрийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн нэрс, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны төрөл, тоо болон Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн дүрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг өөрийн үнэт цаас эзэмшигчийн хүсэлтээр танилцуулах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


96.2. Компани нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад бичиг баримттай танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувь нийлүүлэгчдэд олгох үүрэг хүлээнэ.

96.3. Хувьцаат компанийн энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг хувь нийлүүлэгч нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах эрхтэй. Компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл хувь нийлүүлэгчдийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага уг шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шаардлага гаргасан өдрөөр тасалбар болгон бүртгэлийг гаргаж өгөх үүрэгтэй. Үүнтэй холбогдон гарах зардлыг шаардлага тавьсан этгээд хариуцна.

Print