МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх
47 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах

47.1. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашиг хуваарилах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал / гаргана. Энэ байгууллага нь ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах, бүртгэлийн өдөр болон ногдол ашиг төлөх өдрийг тогтоож энэ талаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ.

47.2. Ногдол ашиг авах эрхтэй хувь нийлүүлэгчдийг тодорхойлохдоо хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан өдрөөр тасалбар болгон тодорхойлно.Харин хувьцаат компанийн хувьд энэ бүртгэлийн өдрийг шийдвэр гарсан өдрөөс хойш тусгайлан тогтоох бөгөөд энэ тухай нийт хувь нийлүүлэгчдэд яаралтай зарлан мэдэгдэнэ.

47.3. Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.

47.4. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, түүнчлэн компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно.

47.5. Бүртгэлийн өдрөөс ногдол ашиг төлөх өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшилд байсан хувьцааг бусдад шилжүүлсэн тохиолдолд ногдол ашиг авах эрх нь уг хувьцааны хуучин эзэмшигч этгээдэд үлдэнэ.

47.6. Хэрэв компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа төлөх үүрэгтэй. Ногдол ашгаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр компани нь алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг компанийн гүйцэтгэх удирдлага хариуцна.

Print