МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
50 дугаар зүйл. Үнэт цаас худалдан авах

50.1. Дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-ийн шийдвэрээр өөрийн гаргасан үнэт цаасыг эзэмшигчидтэй нь тохиролцсоны үндсэн дээр худалдан авч болно.

50.2. Компани нь энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь худалдан авч болох бөгөөд харин энгийн хувьцааны хувьд тухайн жилд гүйлгээнд байсан нийт хувьцааны дунджаас 25-н хувиас хэтэрч болохгүй.

50.3. Худалдан авсан хувьцааг халаасны хувьцаа гэж тооцно.

50.4. Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрийн гаргасан үнэт цаасыг худалдан авах шийдвэртээ худалдан авах хувьцаа, ногдол хувийн тоо хэмжээ, үнэ, төлбөр хийх хугацаа, ашиглах журам зэргийг зааж өгнө.

50.5. Дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь үнэт цаас худалдан авахдаа түүний төлбөрийг бэлэн мөнгөөр, үнэт цаасаар болон бусад эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно.

50.6. Компани нь өөрийн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах үед тэдгээрийг худалдан авч үл болно.

50.7. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компани нь энгийн хувьцаагаа энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-өөс тогтоосон зах зээлийн үнээр худалдан авна.

50.8. Компани өөрийн гаргасан энгийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдан авах шийдвэрийг дор дурдсанаас бусад тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлын уг асуудлаар саналын эрхтэй гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж байна:

50.8.1. хэрэв компани нь энгийн хувьцаагаа худалдан авахдаа хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн бол;

50.8.2. энэ хууль болон компанийн дүрэмд заасан хувь нийлүүлэгчдийн давуу эрхийг хэрэгжүүлж байвал;

50.8.3. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр тогтоосон өөр нөхцөлүүд.

50.9. Өөрийн гаргасан энгийн хувьцааг худалдан авахдаа тэдгээрийг хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн бол худалдан авах хувьцааны тоо, худалдан авах үнэ, төлбөр хийх журам, хугацаа, худалдах саналыг хүлээн авах сүүлчийн өдөр зэргийг багтаасан мэдэгдлийг бүх хувь нийлүүлэгчдэд хүргүүлнэ. Хувьцаат компанийн хувьд энэ саналыг ажлын 30 ба түүнээс дээш хоногийн хугацаатайгаар бүх хувь нийлүүлэгчид хүргүүлнэ. Компанид худалдахаар санал болгож байгаа энгийн хувьцааны нийт тоо нь компанийн худалдан авахаар санал болгосон хувьцааны тооноос илүү байх нөхцөлд компани нь худалдахаар санал болгосон тоонд багтаан илүү хэмжээний хувьцааг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал / -ийн шийдвэрээр худалдан авч болно. Гэхдээ худалдан авах хувьцааны тоо нь энэ хуулийн 50.2-т заасан хэмжээнээс хэтэрч болохгүй бөгөөд энэ тохиолдолд хувьцаагаа хувь нийлүүлэгч бүрийн худалдахаар санал болгож байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн худалдаж авна.

Print