МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
54 дүгээр зүйл. Хувь нийлүүлэгчдийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн авах

54.1. Дор дурдсан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан буюу санал хураалтад оролцоогүй хувь нийлүүлэгч бүр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг компанид эргүүлэн авахыг шаардах эрхтэй:

54.1.1. нийлэх, нэгдэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах;

54.1.2. компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн;

54.1.3. компанийн хувь нийлүүлэгчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан;

54.1.4. компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

54.2. Хувь нийлүүлэгч нь түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75-ээс дээш хувийг эзэмшиж байгаа, түүнчлэн төрийн өмчийн эзэмшилд байсан компанийн хяналтын багц хувьцааг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч бүр компанид хувьцаагаа эргүүлэн авахыг шаардах эрхтэй.

Компани нь хяналтын багц хувьцааг эзэмшиж байгаа этгээдэд энэ хуулийн 54. 4.-т заасан үнээр худалдан авахыг зөвшөөрч болно.

54.3. Өөрийн эзэмшилд байгаа хувьцааг компанид эргүүлж авахыг шаардах эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг эргүүлэн авахыг шаардах эрх үүссэн өдөр компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлд байсан мэдээллийг үндэслэн гаргана.

54.4. Компани нь хувь нийлүүлэгчдийн шаардлагаар эргүүлэн авах хувьцааг энэ эрхийг үүсгэсэн шийдвэрийн улмаас хувьцааны үнэд орсон өөрчлөлтийг үл харгалзан энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-өөс тодорхойлсон зах зээлийн үнээр худалдан авна.

Print