МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
55 дугаар зүйл. Хувьцааг эргүүлэн авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх журам

55.1. Энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хувь нийлүүлэгч нь хувьцаагаа эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрт компани нь энэ эрх, түүнийг хэрэгжүүлэх журмын талаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэх үүрэгтэй.

55.2. Өөрийн эзэмшиж байгаа хувьцааг компани эргүүлж авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувь нийлүүлэгч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд өөрийн овог, нэр, оршин суугаа хаяг болон эргүүлэн авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заана.

55.3. Хувь нийлүүлэгч нь хувьцааг компанид эргүүлэн авах тухай өөрийн шаардлагыг уг эрхийг үүсгэсэн шийдвэр гарснаас, эсхүл ийм эрх үүссэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авсанаас хойш ажлын 30 хоногийн дотор компанид явуулна.

55.4. Хувь нийлүүлэгч нь түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75 ба түүнээс дээш хувийг худалдан авах болон хувьчлалын дүнд хяналтын багцыг худалдан авсан тохиолдолд бусад хувь нийлүүлэгчид эзэмшиж байгаа хувьцаагаа эргүүлэн авахыг шаардаж болох талаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс дээр дурдсан хувьцааг худалдан авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хувь нийлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Хувь нийлүүлэгчид энэ мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор шаардлагаа бичгээр явуулна.

55.5. Компани нь хувьцааг эргүүлэн авах тухай хувь нийлүүлэгчдийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор эргүүлэн авах эрхийн тухай мэдээлсэн мэдэгдэлд дурдсан зах зээлийн үнээр худалдан авах, эсхүл тэдгээрийн эргүүлэн авах эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан үндэслэлээ хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ.

55.6. Компани хувьцаагаа энэ зүйлд заасны дагуу эргүүлэн авахаас татгалзсан, эсхүл эргүүлэн авахаар тодорхойлсон зах зээлийн үнэ бодитой бус гэж үзвэл хувь нийлүүлэгч нь энэ талаархи гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор шүүхэд гаргаж болно.

55.7.Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь эргүүлэн авах хувьцааны зах зээлийн үнийн талаархи нэмэлт мэдээллээр хувь нийлүүлэгчдийг хангана.

Print