МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
56 дугаар зүйл. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох

56.1. Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн/компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж эдгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ.

56.2. Энэ хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ тогтооно.

56.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нэг гишүүн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийг тогтоох шаардлагатай хэлцлийг компанитай байгуулахыг сонирхож байгаа тохиолдолд зах зээлийн үнийг уг хэлцлийг байгуулах талаар сонирхолгүй төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар тогтооно.

Энэ тохиолдолд уг хэлцэлд оролцогч, зуучлагч талуудтай нэгдмэл сонирхолгүй, энэ хэлцлээс шууд болон шууд бус замаар санхүүгийн ямар нэг ашиг аваагүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хараат бус гэж үзнэ.Хэрэв энэ шийдвэрийг хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргах бол уг асуудлаар сонирхлын зөрчилтэй хувь нийлүүлэгч санал хураалтад оролцох эрхгүй.

56.4. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ энэ хуулийн 56.2.-т заасны дагуу эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллага, аудиторийн дүгнэлтийг ашиглаж болно.

Харин хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хувьцааг эргүүлэн авах тохиолдолд хувьцааны үнийг хараат бус үнэлгээний байгууллага, аудиторийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлно.

Нийтэд худалдагдаж байгаа хувьцаа болон бусад үнэт цаасны зах зээлийн үнийг тогтоохдоо Хөрөнгийн биржийн албан ёсны мэдээнд тусгагдсан арилжааны сүүлийн 6 сарын дундаж ханшийг харгалзан тогтооно.

Компанийн хувьцаа болон бусад үнэт цаасны зах зээлийн үнийг тогтоохдоо хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, компанийн өөрийн хөрөнгө, ашиг зэргийн талаар бүрэн мэдээлэлтэй худалдан авагчаас өгөх боломжит үнэ болон бусад хүчин зүйлийг харгалзан үзнэ.

Print