МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
62 дугаар зүйл. Ээлжит бус хурал

62.1. Шаардлагатай гэж үзвэл төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

62.2. Саналын эрхийн 10 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчид нь, хянан шалгах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргах эрхтэй. Шаардлагыг бичгээр гаргана.

62.3. Шаардлагад уг хувь нийлүүлэгчийн овог, нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, шаардлага гаргасан этгээдийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана.

62.4. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.

62.5. Гагцхүү дараахь тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд энэ шийдвэр, татгалзсан үндэслэлийн талаар шаардлага гаргасан хувь нийлүүлэгчид даруй мэдэгдэнэ :

62.5.1. ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувь нийлүүлэгчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй;

62.5.2. ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй.

62.6. Энэ шийдвэрийн талаархи гомдлыг шүүхэд гаргаж болно.

62.7. Энэ хуулийн 62.4. -т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтэгх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд шаардлага тавьсан этгээд ээлжит бус хурал хуралдуулах тухай бие даан шийдвэр гаргаж болно.Энэ тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурал зөвшөөрвөл хурлыг зарлах, хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцаж болно.

62.8. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/нь хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор хурлыг хуралдуулна.Энэ тохиолдолд хурал хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцна.

Print