МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
63 дугаар зүйл. Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрх

63.1.Дор дурдсан асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

63.1.1. компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;

63.1.2. нийлэх, нэгдэх, хуваах буюу өөрчлөх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах;
63.1.3. компанийн өрийг хувьцаагаар солих;
63.1.4. компанийн хэлбэрийг өөрчлөх;
63.1.5. компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;
63.1.6. хувьцааг хуваах буюу нэгтгэх;
63.1.7. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;

63.1.8. хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;

63.1.9. энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хувь нийлүүлэгчид нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлэх эсэх;

63.1.10. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

63.1.11. энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;

63.1.12. энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;

63.1.13. энэ хуульд заасны дагуу компани өөрийн хувьцаагаа худалдан авахыг зөвшөөрөх ;

63.1.14. хэрэв компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

63.1.15. төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудлууд;

63.1.16. энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудлууд .

63.2. Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ хуулийн 63.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

63.2.1. компанийн үнэт цаасыг гаргах;
63.2.2. гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тогтооох;
63.2.3. компанийн гүйцэтгэх захирал болон хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох;

63.2.4. гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин урамшууллыг тогтоох ;
63.2.5. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах ;

63.2.6. компанийн аудиторыг сонгож, гэрээ байгуулах;
63.2.7. ногдол ашгийн хэмжээг тогтоож, төлөх журмыг батлах;
63.2.8. гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах;
63.2.9. компанийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах;
63.2.10. энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох;

63.2.11. энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудлууд;
63.2.12. гүйцэтгэх удирдлага болон хувь нийлүүлэгчдийн саналаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудлууд.

Print