МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
66 дугаар зүйл. Хурлын зар мэдээг хүргэх

66.1. Хурал зарлагч этгээд нь хурлын тухай зар мэдээг хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдэд мэдээлэх үүрэг хүлээнэ.

66.2. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хурлын зар мэдээг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно.

Хувьцаат компанийн хурлын зар мэдээг хүргэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож болно.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


66.3. Хурлын тухай зар мэдээнд компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох бичиг баримттай танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна.

Санал авах хуудсаар саналыг урьдчилан авах тохиолдолд санал авах хуудсыг хүлээн авах газар, сүүлчийн хугацааг тусгайлан мэдээлнэ.

66.4. Хувь нийлүүлэгчдэд дараахь бичиг баримтыг танилцуулна:

66.4.1. компанийн санхүүгийн жилийн тайлан;
66.4.2. санхүүгийн жилийн тайлангийн талаархи аудиторын дүгнэлт;
66.4.3. санхүүгийн өмнөх жилд хийгдсэн сонирхлын зөрчил бүхий хэлцлүүд, тэдгээр нь энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан журмын дагуу хийгдсэн тухай аудиторын дүгнэлт;

66.4.4. компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдэд нэр дэвшсэн хүний тухай танилцуулга;

66.4.5. компанийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоо;

66.4.6. компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын зардал, цалин урамшуулал;

66.4.7. хувьцаат компанийн хувьд бизнесийн үйл ажиллагааны тайлан;
66.4.8. хувь нийлүүлэгчдийн хурлын хэлэлцэх асуудалтай холбогдсон хувь нийлүүлэгчдийн зайлшгүй мэдэх ёстой бусад мэдээлэл.

66.5. Компани нь хурал хийх тухай мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн хувь нийлүүлэгчид дээрх бичиг баримттай танилцах боломжийг хангах үүрэг хүлээнэ.

Print