МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
67 дугаар зүйл. Хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах

67.1. Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

67.2. Нэмэлт саналаа бичгээр гаргах бөгөөд түүнд гаргаж байгаа санал, түүний шалтгаан, санал оруулж байгаа хувь нийлүүлэгчийн овог, нэр, түүний эзэмшилд байгаа хувьцааны төрөл, тоог тусгана. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлж байвал нэр дэвшигчийн овог, нэр /хэрэв компанийн хувь нийлүүлэгч бол эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоо/, дэвшүүлж байгаа хувь нийлүүлэгчийн овог, нэр, эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог тусгасан мэдэгдлийг бичгээр гаргана. Уг мэдэгдэлд нэр дэвшүүлж байгаа шалтгаанаа зааж болно.

67.3. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага / нь гаргасан нэмэлт саналыг дор дурдсанаас бусад тохиолдолд хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд уг саналыг хүлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор багтаан оруулах үүрэг хүлээнэ:

67.3.1. санал гаргагч нь энэ хуулийн 67.1.-д заасан болзолыг хангаагүй;
67.3.2. энэ хуулийн 67.2.-т заасан мэдээллийг бүрэн тусгаагүй.

67.4. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь нэмэлт саналыг ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг шийдвэр гарсанаас хойш ажлын 3 хоногийн дотор санал гаргасан хувь нийлүүлэгчид хүргүүлнэ. Энэ шийдвэрийн талаар санал гаргагч шүүхэд гомдол гаргаж болно.

67.5. Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулахыг хориглоно.

Print