МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
73 дугаар зүйл. Эчнээ санал хураалтаар компанийн хувь нийлүүлэгчид шийдвэр гаргах

73.1. Хувьцаат компани нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болно. Эчнээ санал хураалтыг санал авах хуудсыг ашиглан явуулна.

Ээлжит хурлыг эчнээ санал хураалтаар орлуулж үл болно.

73.2. Эчнээ санал хураалт явуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана. Эчнээ санал хураалт явуулах тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

73.2.1. эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд;
73.2.2. саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийг тодорхойлох бүртгэлийн өдөр;
73.2.3. санал авах хуудсыг хувь нийлүүлэгчдэд хүргүүлэх хугацаа;
73.2.4. санал авах хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр;
73.2.5. санал авах хуудсын агуулга болон загвар;
73.2.6. эчнээ санал хураалт явуулахтай холбогдуулан хувь нийлүүлэгчид танилцуулах, бичиг баримтын жагсаалт эдгээртэй танилцах боломж, газар.

73.3. Эчнээ санал хураалтад оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдийг энэ хуулийн 65, 69 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлно.

73.4. Санал авах хуудсанд энэ хуулийн 71.3. 1, 71.3. 3, 71.3. 4, 71.3. 5, 71.3. 6-д заасан мэдээллийг тусгахын зэрэгцээ санал авах хуудсыг хүлээн авах сүүлчийн өдрийг заасан байна.

73.5. Хувьцаат компанийн хувьд эчнээ санал хураалтын санал авах хуудсыг түүнийг эргүүлж хүлээн авах сүүлчийн өдрөөс ажлын 30 ба түүнээс дээш хоногийн өмнө хувь нийлүүлэгчдэд тараана.

73.6. Нийт саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшигчид саналаа ирүүлснээр эчнээ санал хураалтыг хүчинтэйд тооцно. Саналаа ирүүлсэн хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
73.7. Эчнээ санал хураалтаар ирүүлсэн саналыг тоолох, дүнг гаргах ажлыг энэ хуулийн 68 дугаар зүйлд заасан эрх, үүрэг бүхий тооллогын комисс зохион байгуулна.

73.8. Тооллогын комисс нь санал авах хуудсыг хүлээн авсан сүүлчийн өдрөөс хойш ажлын З хоногийн дотор эчнээ санал хураалтын дүнгийн тухай тайлан гаргаж тооллогын комиссын дарга гишүүд гарын үсэг зурж төлөөлөн удирдах зөвлөлд хүлээлгэн өгнө.

73.9. Эчнээ санал хураалтын дүнгийн тухай тайланд дараахь зүйлийг тусгана:

73.9.1. санал авах хуудсыг хувь нийлүүлэгчдэд тараасан өдөр;
73.9.2. эчнээ санал хураалтаар шийвэрлэх асуудлууд;
73.9.3. санал ирүүлсэн хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт, эзэмшиж байгаа хувьцааны тоо;

73.9.4. шийдвэрлэх асуудал бүрээр саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн өгсөн саналын нийт тоо;

73.9.5. эчнээ санал хураалтын дүн;
73.9.6. эчнээ санал хураалтаар гаргасан шийдвэр.

73.10. Тооллогын комиссын тайланг үндэслэн гаргасан шийдвэрийг тайлан хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчид мэдээлнэ.

Print