МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
79 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал

79.1. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг сард нэг удаа хуралдуулна, шаардлагатай гэж үзвэл нэмэлт хуралдаан хийж болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоолд дарга гарын үсэг зурна.

79.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, түүний гишүүд, компанийн гүйцэтгэх удирдлага болон компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга шаардлагаар хуралдуулна. Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг тогтоож батална.

Төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно.

79.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.Энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу хэрэв тухайн шийдвэрлэж байгаа асуудлаар төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн санал өгөх эрхгүй байвал шийдвэрийг саналын эрхтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь тогтоосон нийт гишүүдийн тооноос хоёр дахин бага болсон тохиолдолд компани нь гурван сарын дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд аливаа асуудлыг шийдвэрлэхэд гишүүд бүр саналын нэг эрхтэй байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар асуудлыг шийдвэрлэхээр компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааж болно.
79.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

79.4.1. хурал хийсэн газар болон цаг;
79.4.2. хуралд оролцсон гишүүд;
79.4.3. хурлаар хэлэлцэгдсэн асуудал;
79.4.4. санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дүн;
79.4.5. гаргасан шийдвэр.

Хурлын тэмдэглэлд хурал даргалагч гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг хариуцна.

79.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг буруу хөтөлсөн явдал төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Print