МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
80 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлага

80.1. Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

80.2. Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ. Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.

80.3. Хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болно. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхыг хориглоно.

80.4. Хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-ийн зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх захирал, эсхүл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүн нь өөр компани, аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно.

80.5. Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж түүний дарга /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурлын дарга/ гарын үсэг зурна. Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.

80.6. Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

80.7. Гүйцэтгэх удирдлагыг багийн хэлбэрээр хэрэгжүүлэх тохиолдолд компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдож багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр батлан мөрдөж ажиллана. Журамд дараахь зүйлийг тусгасан байна.

80.7.1. багийн ахлагч болон гишүүдийн эрхлэх ажил үүргийн хуваарь, ажлын харилцан уялдаа холбоог зохицуулах байдал;

80.7.2. багийн ахлагчийг томилох журам;
80.7.3. багийн ахлагчийн эрх, үүрэг, хариуцлага.

80.8. Баг нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-ийн өмнө компанийн үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээнэ.

Энэ хуулийн 80.5.-д заасан гэрээ, хэлцэл хийх төлөөллийг хэрэгжүүлэхэд компанийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна. Багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгоно. Багийн ахлагч компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.

80.9. Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хөтөлнө. Энэ тэмдэглэлийн үнэн зөвийг багийн ахлагч биечлэн хариуцна.

80.10. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй.

Print