МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛ ОНОГДУУЛАХ
62 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

62.1.Анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Ийм тогтоол гаргасан үед нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулна.

62.2.Шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа тодорхой хугацаанд ажил, сургуульд орох, учруулсан хохирлоо нөхөн төлөх, гэм хорыг арилгах, ажлын газар, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх зэрэг түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг даалгаж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон буюу төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэнд тэдний хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулж болно.

62.3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргана.

62.4.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд засарч хүмүүжсэнээ харуулсан бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнийг ялаас чөлөөлж болно.

62.5.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.

Print