МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН БУСАД АРГА ХЭМЖЭЭ
66 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах, өөрчлөх, зогсоох

66.1.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах шаардлагатай гэж шүүх үзвэл тухайн этгээдийн сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан албадлагын арга хэмжээний төрлийг тогтооно.

66.2.Сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан сэтгэцийн эмнэлэгт байлгаж, албадан журмаар эмчлэх шаардлагатай этгээдэд хэрэглэж болно.
66.3.Сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт эмчлүүлэх арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан нийгэмд онц аюултай этгээдэд хэрэглэж болно.

66.4.Тусгай эмнэлэгт байлгаж байгаа этгээдийг нийгэмд аюултай гэмт хэрэг шинээр үйлдэх боломжгүй, хүч нэмэгдүүлсэн хяналтын нөхцөлд байлгана.
66.5. Шүүх эмчилж байгаа байгууллагын дүгнэлтээр эдгэрсэн буюу өвчний шинж байдал өөрчлөгдсөний улмаас уг этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэхийг зогсоохоор шийдвэрлэнэ.

66.6.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрлийг эмчилж байгаа байгууллагын дүгнэлтээр шүүх өөрчилж болно.

66.7.Шүүх уг этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн, мөн тийм арга хэмжээ хэрэглэхийг зогсоосон бол уг этгээдийг эмчийн хяналтад заавал байлгахаар төрөл, садангийн нь хүнд, эсхүл асран хамгаалагчид нь шилжүүлж болно.

Print