МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ
74 дүгээр зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах

74.1.Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно.

74.2.Шүүх ялтанг хугацаанаас нь өмнө тэнсэн суллахдаа эдлээгүй үлдэж байгаа ялын хугацаатай тэнцүү хянан харгалзах хугацаа тогтоож, түүнд энэ хуулийн 62.2-т заасан үүрэг хүлээлгэж болно.

74.3.Ялтан оногдсон ялынхаа дор дурдсан хувийг эдэлсэн тохиолдолд энэ хуулийн 74.1, 74.2-т заасан журмыг хэрэглэнэ:

74.3.1. хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;

74.3.2. хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;

74.3.3.онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг.

74.4.Цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй.

74.5.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг хорих ял эдлүүлж байгаа байгууллагын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

74.6.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдэд цагдаагийн байгууллага, цэргийн албан хаагчид цэргийн анги, нэгтгэлийн дарга хяналт тавина.

74.7.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан явдал нь ялтныг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

74.8.Ялтан хянан харгалзах хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлэхээс зайлсхийсэн, захиргааны зөрчил гаргаж шийтгэгдсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, үлдсэн ялыг эдлүүлэхээр захирамж гаргана.

74.9.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.

Print