МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЛДАР ХҮНД, НЭР ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
113 дугаар зүйл. Хүн худалдах, худалдан авах

113.1.Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.2.Энэ хэргийг:

113.2.1.насанд хүрээгүй хүнийг;
113.2.2.хоёр буюу түүнээс олон хүнийг;
113.2.3.хулгайлах;
113.2.4 эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;
113.2.5.давтан;
113.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.3.Хүнийг хил давуулан худалдаалсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

1. Энэ хуулийн 113.1-д заасан “мөлжих” гэдгийг худалдагдсан хүний биеийг нь үнэлүүлэх зэргээр бэлгийн хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөр хийлгэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.

2. Энэ хуулийн 113.1-д заасан аливаа арга хэрэглэсэн бол хохирогч худалдагдахыг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Дээрх 113 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Print