МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
148 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.1.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Дээрх 148 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Print