МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
149 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх

149.1.Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
149.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/


Print