МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
181 дүгээр зүйл. Танхайрах

181.1. Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
181.2.Энэ хэргийг:
181.2.1. догшин авирлаж;
181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;

181.2.3. урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4.давтан;
181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Print