МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
215 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих

215.1.Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.3.Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
215.4 Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Тайлбар: Энэ зүйлд заасан “ жолооч “ гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд, “тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн бусад механикжсан тээврийн хэрэгслийг тус тус ойлгоно.


Print