МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
230 дугаар зүйл. Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх

230.1 . Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь буюу олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь эсэргүүцсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
230.1. Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
230.2.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
230.3.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print