МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
258 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх

258.1.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
258.2.Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ санаатай буруу гаргасан, эсхүл эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос дээш дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
258.3.Энэ хэргийг гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ зүйлд заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгэгдсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.


Print