МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
281 дүгээр зүйл. Цэргийн эд хөрөнгийг болон байлдааны галт хэрэгслийг зарах, үрэгдүүлэх, завших

281.1.Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдах, арилжих, бэлэглэх, барьцаанд өгөх зэргээр завшсан, эсхүл тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүйгээс үлэмж хэмжээтэйгээр гэмтээсэн, устгасан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
281.2.Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн болон бусад зөөвөрлөх хэрэгсэл буюу цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс уг эд хөрөнгө их хэмжээтэйгээр устсан, гэмтсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
281.3.Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Print