МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ГУЧДУГААР БҮЛЭГ
ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭНХТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
301 дүгээр зүйл. Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох

301.1.Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор олон улсын хамгаалалтад байдаг гадаад улсын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтан, түүнчлэн тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдан довтолсон бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

301.2.Энэ хэргийг үйлдэхдээ олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийг алсан, барьцаалсан, эд хөрөнгийг нь их хэмжээгээр гэмтээсэн, устгасан бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ зүйлд дурдсан олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс гэдэгт гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дипломат элч, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл буюу Монгол Улсад өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд хамаарна. Дээр дурдсан хүмүүсийн орон байр, албан өрөө, тээврийн хэрэгсэл олон улсын хамгаалалтад байна.
/Энэ тайлбарт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


Print