МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
75 дугаар зүйл. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх

75.1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй.

75.2. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг албан байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг 3 хоногийн дотор хэрэгжүүлж, энэ тухай хариу мэдэгдэнэ.

75.3. Энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

Print