МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нотлох баримт
86 дугаар зүйл. Эд мөрийн баримт, түүнийг хадгалах

86.1. Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл, түүнчлэн гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад зүйлс, баримт бичиг болон гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бусад эд зүйлийг тооцно.

86.2. Эд мөрийн баримтыг үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичиж, хэрэгт хадгалах ба гэрэл зураг, дүрс бичлэг авч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэгт хавсаргана.

86.3. Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг авсны дараа лацдаж битүүмжлээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу тусгай газар хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

86.4. Хэргийг нэг газраас нөгөөд шилжүүлэхэд хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эд мөрийн баримтыг уг хэрэгт хавсаргах боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал хуульд заасан журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

Print