МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нотлох ажиллагаа
92 дугаар зүйл. Нотлох баримтыг цуглуулах

92.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, хураан авах, үзлэг, нэгжлэг хийх, туршилт, шинжилгээ болон энэ хуульд заасан бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулна.

92.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох, үзлэг, нэгжлэг хийх болон энэ хуульд заасан бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах, байгууллага, албан тушаалтан, иргэнээс болон гүйцэтгэх ажил эрхэлж байгаа байгууллагаас хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт, баримт сэлтийг гаргуулан авах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгалт, үзлэг хийлгүүлэхийг шаардах эрхтэй.

92.3. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч болон иргэн, байгууллага баримт сэлт гарган өгч болно.

92.4. Нотлох баримтыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.

Print