МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүсэлт, гомдол гаргах
113 дугаар зүйл. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүх, шүүгчийн шийдвэрт гомдол гаргах

113.1.Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар давж заалдах шатны шүүхэд, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар хяналтын шатны шүүхэд бичгээр гомдол гаргах ба шүүх түүнийг ердийн журмаар 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
113.2. Шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн буюу албадлагын бусад арга хэмжээ авсан бол шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй.

113.3. Байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах тухай шүүхийн шийдвэр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж үзвэл сонирхогч аливаа этгээд тухайн шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

113.4. Шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүнээр гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг дээд шатны шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
113.5. Гомдол гаргагч нь гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй ба түүний хүрэлцэн ирээгүй нь гомдлыг хянан шийдвэрлэхэд саад болохгүй. Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд нь өөрийн санал, үндэслэлийг хэлэх, шаардлагатай баримт бичгийг гаргаж танилцуулах эрхтэй.

113.6. Шүүх бүрэлдэхүүн, шүүгч гомдлыг хянан шийдвэрлээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
113.6.1. гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх;
113.6.2. гомдлыг хангахгүй орхих.

113.7. Гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид дахин гомдол гаргахгүй.

113.8. Гомдол гаргагч шүүхэд хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Print