МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
134 дүгээр зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх

134.1. Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй.

134.2. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, нэгжлэг хийхтэй хамтатгах, эсхүл тусад нь хийж болно.

134.3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулна.

134.4. Битүүмжилж байгаа эд хөрөнгийг бүртгэж данслах ажиллагааг хөндлөнгийн гэрч, бусад хүмүүсийг байлцуулан энэ хуулийн 133, 137 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

134.5. Сэжигтэн, яллагдагч, түүний асрамжид байгаа хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжилж болохгүй ба тэдгээрийн жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай5 хуульд заасны дагуу тогтооно.

134.6. Битүүмжилсэн эд хөрөнгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор уг хөрөнгийг эзэмшигч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болон бусад боломжтой этгээдэд хадгалуулахаар өгч, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах хариуцлагыг тайлбарлан өгч энэ тухай гарын үсэг авна.

134.7. Шаардлагатай тохиолдолд битүүмжилсэн эд хөрөнгийг түр хураан авч болно.

134.8. Битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгах асуудлыг энэ хуулийн 134.6-д заасны дагуу шийдвэрлэх боломжгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага хариуцна.

134.9. Мөнгөн хадгаламжийг төлөх төлбөрийн хэмжээгээр битүүмжилж, байгууллагын санхүүгийн дансны гүйлгээ хийхийг зогсооно.

134.10. Энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол эд хөрөнгө битүүмжлэх урьд гаргасан тогтоолыг хүчингүй болгоно.

Print