МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
137 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийхэд байлцах хүмүүс

137.1. Хураан авах, нэгжлэг хийхэд хөндлөнгийн гэрч, эд зүйл, бичиг баримтаа хураалгаж байгаа буюу нэгжүүлж байгаа этгээд, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгчийн аль нэгийг заавал байлцуулна.

137.2. Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа орон байранд нэгжлэг хийх, эд зүйл хураан авахад уг байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.

137.3. Эд зүйлээ хураалгаж буюу нэгжүүлж байгаа этгээд, хөндлөнгийн гэрч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гүйцэтгэж байгаа бүх ажиллагаанд байлцах бөгөөд тухайн ажиллагааны талаар тэмдэглэлд тусгавал зохих санал, хүсэлт гаргах эрхтэй.

Print