МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
151 дүгээр зүйл. Таньж олуулах журам

151.1. Танигдах гэж байгаа этгээдийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй гурваас доошгүй бусад хүмүүсийн хамтаар таньж олох гэж байгаа хүнд харуулна.

151.2. Таньж олуулахын өмнө танигдах гэж байгаа этгээдийг бусад хүмүүсийн дотор дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана.

151.3. Уг хүнийг биеэр харуулах бололцоогүй байвал түүний гэрэл зургийг гурваас доошгүй гэрэл зургийн дотроос таньж олуулж болно.

151.4. Таниулах мал, амьтан, эд зүйлийг бусад адил төрлийн мал, амьтан, эд зүйлийн хамт үзүүлнэ.

151.5. Таньж олох гэж байгаа хүн нь гэрч буюу хохирогч байвал тэдэнд мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай урьдчилан сануулж, тэмдэглэлд тусгана.

151.6. Мэдүүлэгтээ дурдсан хүн, мал, амьтан, эд зүйлийг зааж өгөхийг таньж олох гэж байгаа хүнээс шаардах ба харин хөтлөх буюу сануулах асуулт тавихыг хориглоно.

151.7. Таньж олох гэж байгаа хүн харуулсан хүн, мал, амьтан, эд зүйлийн аль нэгийг мөн гэж заавал ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсаныг тайлбарлуулж тэмдэглэлд тусгана.

151.8. Таньж олуулах ажиллагаанд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулна.

151.9. Таньж олох гэж байгаа этгээд өөрөө хүсвэл танигдаж байгаа хүнд мэдэгдэхгүйгээр таньж олох боломж олгоно.

Print