МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
153 дугаар зүйл. Мэдүүлгийг газар дээр нь шалгах

153.1. Шинэ нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгахын тулд, түүнчлэн урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.

153.2. Энэ хуулийн 153.1-д заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа этгээд нь хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, бичиг баримт, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судлаж байгаа үйл баримтад аль нэгэн зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрүүлэн тайлбарлана.

153.3. Мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хөтлөх буюу сануулах асуулт тавихыг хориглоно.

153.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч, шаардлагатай бол мэргэжилтнийг оролцуулан гүйцэтгэнэ.

153.5. Нэг дор, нэг газар дээр, хэд хэдэн этгээдийн мэдүүлгийг нэгэн зэрэг газар дээр нь шалгахыг хориглоно.

153.6. Мэдүүлгийг үндэслэн, эсхүл өөрийн нь болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийнэ.

153.7. Мэдүүлгээ шалгуулж байгаа этгээдээс эхэлж чөлөөтэйгээр ярьж, үйлдлээ үзүүлсний дараа асуулт тавьж болно.

153.8. Мэдүүлгийг газар дээр нь шалгах үед гэрэл зураг авах, соронзон болон дүрс бичлэг, зураглал, хэмжилт хийж тэмдэглэлд тусгаж болно.

153.9. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тэмдэглэл үйлдэнэ.

Print