МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
172 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гаргах шийдвэр

172.1. Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хянан үзсэн болон гэмт хэргийн шинж тэмдгийг шууд өөрөө илрүүлсэн тохиолдол бүрт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:

172.1.1. эрүүгийн хэрэг үүсгэх;
172.1.2. эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, татгалзах;
172.1.3. гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх.

172.2. Гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэргийг таслан зогсоох болон гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

172.3. Гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын ажилтан эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно:
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

172.3.1. хүний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг үзэж шалгах;

172.3.2. хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх;
172.3.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх;

172.3.4. хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийг саатуулах, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хурааж авах;

172.3.5. шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;

172.3.6. иргэн, албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
172.3.7. нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох;

172.3.8. гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох;

172.3.9. согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах;

172.3.10.гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр баривчлах.
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

172.4.Дор дурдсан тохиолдолд дараахь албан тушаалтан энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулна:

172.4.1.Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын төрийн далбаа мандуулсан усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан гэмт хэрэгт усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга;

172.4.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан;

172.4.3.хорих ангийн харьяа нутаг дэвсгэр дээр ялтны үйлдсэн гэмт хэрэгт хорих ангийн дарга, дэд дарга;

172.4.4.хилийн бүст гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтан;

172.4.5.энэ хуулийн 27.1-т заасан гэмт хэрэгт тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтан;

172.4.6.цэрэг, цагдаагийн албан хаагч энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох явцад үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэрэг, цагдаагийн багийн эрх бүхий албан тушаалтан;

172.4.7.гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох явцад гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий албан хаагч;

172.4.8.гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын байцаагч.

/Дээрх 172.4 дэх хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

172.5. Энэ хуулийн 172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5, 172.3.8-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

Print