МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мөрдөн байцаалт явуулах
182 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах хугацаа

182.1. Мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2 сар байна.

182.2. Энэ хуулийн 182.1-д заасан хугацааг эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн хэргийг прокурорт шилжүүлэх, эсхүл хэрэгсэхгүй болгох хүртэлх үеийг оролцуулан тоолно.

182.3. Энэ хуульд заасан журмын дагуу хэргийг түдгэлзүүлсэн хугацаа нь мөрдөн байцаалт явуулах хугацаанд тооцогдохгүй.

182.4. Тухайн хэрэг нь олон сэжигтэн, яллагдагчтай буюу олон үйлдэлтэй, эсхүл алслагдсан газарт шалгалт хийх шаардлагатай, түүнчлэн шүүх - нягтлан бодох бүртгэлийн болон бусад нарийн төвөгтэй шинжилгээ хийх, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгүүлэх зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг сум дундын прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт сум дундын ахлах прокурор 3 сар хүртэл, аймгийн прокурорын орлогч 6 сар хүртэл, аймгийн прокурор 7 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, аймгийн прокурорын болон дагнасан прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт аймгийн прокурорын болон дагнасан прокурорын орлогч 3 сар хүртэл, аймгийн прокурор болон дагнасан прокурор 13 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт дүүргийн прокурорын орлогч 3 сар хүртэл, дүүргийн прокурор 4 сар хүртэл, нийслэлийн прокурорын орлогч 4 сар хүртэл, нийслэлийн прокурор 5 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, нийслэлийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт нийслэлийн прокурорын туслах 3 сар хүртэл, нийслэлийн прокурорын орлогч 6 сар хүртэл, нийслэлийн прокурор 7 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл хугацаагаар нэмж сунгана. Хэргийн мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
182.5. Прокурор мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахдаа урьдах хугацаанд хийгдсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх байцаан шийтгэх ажиллагааг харгалзана.

182.6. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол мөрдөн байцаалт явуулах хугацааг уг ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор 1 сар хүртэл хугацаагаар тогтоож, цаашид сунгах асуудлыг ердийн журмаар гүйцэтгэнэ.

182.7. Мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө зохих прокурорт явуулна.

Print