МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
193 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх

193.1. Эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хууль хэрхэн биелж байгаад хяналт тавихдаа прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

193.1.1. эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзвэл тогтоолыг хүчингүй болгох;

193.1.2.гэмт хэргийн шинж тэмдгийг өөрөө илрүүлсэн бол эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргаж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах;

193.1.3. гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

193.1.4. хэргийн оролцогч гомдол, хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэхийн тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагаас татаж хянах, үүний үндсэн дээр байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид өгч биелэлтэд хяналт тавих;

193.1.5. гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хийгдэж байгаа гүйцэтгэх ажилд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих;

193.1.6. шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулахад биечлэн оролцох;
193.1.7. энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах;

193.1.8. энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас явуулах байцаан шийтгэх тодорхой ажиллагааны зөвшөөрлийг өгөх;

193.1.9. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг сунгах;
193.1.10. сэжигтэн, яллагдагчийг хорьж мөрдөх, уг хугацааг сунгах саналыг шүүхэд тавих;

193.1.11.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, доод шатны прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх;

193.1.12. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ажиллагаа, шийдвэрийн талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

193.1.13. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулийн шаардлагыг биелүүлэх талаар бичгээр заалт өгч хэргийг буцаах;

193.1.14. эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, сэргээх, хэрэгсэхгүй болгох талаар гарсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг шийдвэрлэх;

193.1.15. эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэсэн, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож цаашид хэрхэхийг шийдвэрлэх;

193.1.16 энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг батлах;

193.1.17. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, доод шатны прокурорын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох;

193.1.18. нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тодорхой чиглэл өгөх, хэргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид буцаах;

193.1.19. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед хууль зөрчсөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг тухайн хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоох;

193.1.20. хэргийг шүүхэд шилжүүлэх;
193.1.21. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон хяналтын ажилд шаардлагатай мэдээ судалгаа, баримт бичгийг аль ч байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт магадлагаа гаргуулах;

193.1.22. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд тэдгээрийн ажлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн шалгах, шаардлагатай хэрэг материалыг татаж хянах;

193.1.23. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэвийн ажиллагааг хангах, уг ажиллагаанд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулах талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын захиргаанд шаардлага тавих;

193.1.24. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, зөрчсөн тушаал шийдвэрт эсэргүүцэл бичих;

193.1.25. хэрэг шалгах харьяалал тогтоох;
193.1.26. эрүүгийн хэргийн хавтаст хэргийг архивт хадгалах;
193.1.27. энэ хуульд заасан бусад бүрэн эрх.

Print