МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх
205 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл, хугацаа

205.1.Прокурор дор дурдсан үндэслэл байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ:

205.1.1. яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй;
205.1.2. сэжигтэн, яллагдагч оргон зайлсан, эсхүл байгаа газар нь мэдэгдэхгүй байвал;
205.1.3. сэжигтэн, яллагдагч хаана байгаа нь тодорхой боловч түүний дипломат дархан эрхийг хязгаарлаагүй, эсхүл өөр улс хүлээлгэн өгөөгүй байгаа бол;

205.1.4. зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй тохиолдолд;

205.1.5. сэжигтэн, яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;

205.1.6.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

205.1.7. өөр хэргийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй бол.

205.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэхийн өмнө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагчийн байхгүйд гүйцэтгэж болох бүх ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

205.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцааалтыг түдгэлзүүлэх тухай саналаа бичгээр гаргаж, хэргийн хамт прокурорт 3 хоногийн дотор хүргүүлнэ.

205.4. Хоёр буюу хэд хэдэн сэжигтэн, яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь бүх сэжигтэн, яллагдагчид хамаарахгүй байвал зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж болно.

205.5. Энэ хуулийн 205.1.1, 205.1.2-т заасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг уг хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусахад түдгэлзүүлнэ.

205.6. Энэ хуулийн 205.1.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг уг хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусахын өмнө түдгэлзүүлж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

205.7. Түдгэлзүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа дуусмагц хэрэгсэхгүй болгоно.

Print