МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах
212 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдэх, хэргийн материал танилцуулах

212.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл энэ тухай яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.

212.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгчид хэргийн бүх материалыг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид хэргийн зөвхөн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг танилцуулна.

212.3. Яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч хүсвэл түүнд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, соронзон болон дүрс бичлэгийг танилцуулж болно.

212.4. Энэ хуулийн 212.2-т заасан оролцогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэх ба түүнд хэнд ямар материал танилцуулсан, оролцогч ямар хүсэлт гаргасан зэргийг тусгана.

212.5. Хэргийн материалтай танилцах үед бичгээр хүсэлт гаргасан бол хэрэгт хавсаргана.

212.6. Хэргийн материалтай танилцах үед энэ хуулийн 212.2-т заасан оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай тогтоол гаргана.
212.7. Хэргийн материалтай энэ хуулийн 212.2-т заасан оролцогч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тогтоосон хугацаанд танилцах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ.

212.8. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол прокурорт гомдол гаргаж болно.

Print