МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
228 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

228.1. Шүүгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана.

228.2. Захирамжид дараахь асуудлыг тусгана:

228.2.1 шүүх хуралдааныг хэзээ хаана хийх;
228.2.2. шүүх хуралдааныг шүүгч дангаар, эсхүл хамтран шийдвэрлэх эсэх;

228.2.3. шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох эсэх;
228.2.4. шүүх хуралдаанд бусад этгээдийг оролцуулах эсэх;
228.2.5. шүүх хуралдааныг хаалттай хийх эсэх;
228.2.6. яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг хэдийд гардуулах.

228.3. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний тухай тусгана.

228.4. Шүүх хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө шүүх талуудад мэдэгдэнэ.

Print