МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
239 дүгээр зүйл. Прокурор шүүх хуралдааны ажиллагаанд оролцох

239.1. Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана.

239.2. Улсын яллагч хуулийн шаардлага ба хэргийн бүх байдлыг үндэслэсэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.

239.3. Хэрэг ээдрээ төвөгтэй буюу олон шүүгдэгчтэй бол шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож болно.

239.4. Улсын яллагч дор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:

239.4.1.шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн;
239.4.2.хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн.
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

239.5. Улсын яллагч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө яллахаас татгалзаж болно.

239.6. Төрийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргах буюу гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.

Print