МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
253 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл

253.1. Шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 253.2-т заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх ба түүнд засвар оруулах тухай саналыг энэ хуулийн 253.6-253.9-д заасан журмын дагуу гаргаж шийдвэрлэнэ.

253.2. Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн ба дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, орчуулагч, хэлмэрч, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн шүүхэд дуудагдан ирсэн бусад хүмүүсийн овог, эцгийн нэр, нэр, хэлэлцэж байгаа хэрэг, шүүгдэгчийн биеийн байцаалт, авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн ажиллагаа явагдсан дэс дараалал, шүүх хуралдаанд оролцогчийн өргөдөл, хүсэлт, зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр гаргасан шийдвэр, зөвлөлдөх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан, шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан тухай, мэдүүлгийн тодорхой агуулга, шүүх хуралдааны явцад үзлэг, нотлох баримт цуглуулах талаар хийсэн бусад ажиллагааны үр дүн, шүүх хуралдаанд оролцогчоос шүүх хуралдааны тэмдэглэлд бичихийг хүссэн зүйл, шүүх хуралдааны дэг зөрчсөн бол хэн, яаж зөрчсөн, шүүх хуралдааны шүүмжлэл болон шүүгдэгчийн эцсийн үгийн товч утга, тогтоолыг уншин сонсгосон ба түүнийг давж заалдах журмыг тайлбарласан тухайг шүүх хуралдааны тэмдэглэлд бичнэ.

253.3. Цаазаар авах ял оногдуулсан бол уучлал хүсэх эрхтэй болохыг шүүгдэгчид тайлбарлаж өгснийг тэмдэглэнэ.

253.4. Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны явцад үйлдэх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дууссанаас хойш З хоногийн дотор дуусгаж гарын үсэг зуруулна.

253.5. Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах ба бүх өөрчлөлт, засвар, нэмэлтийг тэмдэглэнэ.

253.6. Улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч тэмдэглэлд гарын үсэг зурагдсанаас хойш З хоногийн дотор түүнтэй танилцаж, засвар оруулах саналаа өгөх эрхтэй.

253.7. Энэ хуулийн 253.6-д заасны дагуу гаргасан саналыг шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга хамтран хянаад зөвшөөрвөл түүний зөв болохыг баталж шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргах ба зөвшөөрөхгүй бол энэ асуудлыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгчийг байлцуулан шийдвэрлэнэ.

253.8. Шүүх хуралдааны тэмдэглэлд өгсөн саналыг хэлэлцэхэд шаардлагатай бол санал өгсөн хүнийг байлцуулна.

253.9. Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана.

Print